Luxlife цахим хуудасны үндсэн зорилго нь хүний амьдралын ихэнхи цагаа өнгөрөөдөг гэр буюу айл өрхийн хамгийн суурь хэрэгцээ болсон, танай гэр бүлийн тав тухтай амьдралын хэв маягт маш чухал байр суурь эзэлдэг орон сууц байрныхаа нөхцлийг сайжруулах сонголтыг зөв хийхэд тань туслах юм.
Хүн нэг л төрдөг. Амьдарсан хугацаа, бүтээсэн зүйл, үлдээсэн мөр бүр нь тухайн хүний нийгмийн дүрийг бий болгодог. Хүн бүрийн бүтээсэн дүр адилгүй, тэдний харах өнцөг, бодол, таашаал бүгд өөр. Энэ бүгдийг нэгтгэж нэгэн хэлбэр бүтээх боломжгүй юм.
Иймээс ч хүн гэдэг амьтан өөр өөрсдийн ертөнцөөр амьдарч, хүссэн амьдралын хэв маягаа бий болгосоор ирсэн.
Бидний амьдрал өдөр бүр хэдэн арван сонголтуудын дунд өрнөж, та тэдгээр олон сонголтоос хэрхэн яаж шийдвэр гаргадаг талаараа бодож байсан уу?
Хүмүүс ихэнхидээ маш хайнга шийдвэр гаргадаг, тэд чухал шийдвэр гаргахын тулд шаардлагатай судалгаа шинжилгээ хийж туршихын оронд хийх дуртай зүйлдээ цагаа зарцуулахыг илүүд үздэг. Тэд ихэнхидээ бусдыг дуурайдаг, тэд өөрсдийн хүндэлж үнэлж явдаг хүмүүсийн хийсэн сонголтын араас хошуурдаг, бас тэд дотны хүмүүс найз нөхдийнхөө зөвлөгөөг үндэслэн шууд сонголт хийдэг. Учир нь энэ нь тэдэнд амар, найдвартай бас таатай байдаг.
Сүүлийн үед бизнесийн байгууллагууд хэрэглэгчийн өмнөөс хэрэгцээ шаардлагыг нь судалж тэднийг улам л тав тухтай байлгах боломжуудаар хангах арга замыг эрэлхийлж сонголтуудын өрсөлдөөнийг улам ширүүн болгосоор байна.
Та бидэнд хэдийнэ танил болсон luxury буюу тансаг зэрэглэл гэсэн ойлголт нь тав тухыг илэрхийлдэг агуулга бөгөөд хүмүүсийн амьдралын хэв маягтай холбоотой бүхий л ойлголт үүнд багтана.
Гэртээ тухтай амьдрах, эмнэлэгт стрессгүй үйлчлүүлэх, амттай хоол идэх, мэргэжлийн үйлчилгээ авах, чанартай хүнс хэрэглэх, биенд таарсан хувцас өмсөх, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх энэ бүгд биеийн болоод сэтгэлийн тав тух.
Үүнийг л бид амьдралын тав тух буюу luxlife гэж нэрлээд байгаа юм.
Porsche, LV, Chanel, Rolex гэх мэт жагсаалтаар үргэлжлэх тансаг зэрэглэлийн олон брэндүүд бүгд авсан эзэддээ таашаал өгч тав тухтай байдлыг мэдрүүлж байдаг.
Тав тух бол хүмүүсийг донтуулдаг хар тамхи л гэсэн үг.
Гэхдээ та тунгаа хэтрүүлэхгүй тав тухтай амьдралын хэв маягийг бүрдүүлж яагаад болохгүй гэж? Амьдралаас таашаал авч амьдарна гэдэг бол урлаг.
Хэрэглэгч тав тух, таатай байдал, сэтгэл ханамжинд мөнгө төлөхөд үргэлж бэлэн байдаг. Гагцхүү энэ нь тэдний санхүүгийн чадамжтай шууд холбоотой, түүгээр хязгаарлагдаж байдаг.
Тансаглал гэдэг бол дуртай зүйлээ хийж, хоббигоо хөгжүүлж, аялж, хүссэнээрээ амьдрахыг хэлнэ гэсэнтэй бид 100% санал нэг байдаг. Энд ямар ч материаллаг зүйл дурдаагүй байгааг та анзаарч байгаа байх.